Хятад улс далайн 1000 метр хүртэлх гүн рүү шумбах боломжтой аяллын зориулалттай анхны шумбагчаа 2030 он гэхэд танилцуулахаар ажиллаж байна. Жянсү муж дахь Хөлөг онгоцны шинжлэх ухааны судалгааны төвийн инженерүүд энэхүү аялал жуулчлалын зориулалттай шумбагчийг зохион бүтээж байна. Тус шумбагч нь хөлгийн багийн нэг гишүүн болон гурван зорчигч суулгах багтаамжтай.
Инженерүүд зохион бүтээх ажлаа эхлүүлээд бараг дөрвөн жил болж байгаа бөгөөд энэ оны сүүлээр туршилтын загвараа танилцуулахаар байна. Туршилтын загвар бэлэн болчихвол далайд шумбуулж үзээд, үр дүнд нь үндэслэн өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийх аж.
Шумбагч онгоц нь эргэн тойрноо 360 хэм бүрэн тольдох боломжтой загвартай. Энэ нь бүтцийн хувьд хамгийн их ажиллагаатай, инженерүүдийг сорьсон хөгжүүлэлт болжээ.
Хятадад аялал жуулчлалын зориулалттай шумбагч онгоц 10 гаруй бий. Гэхдээ тэдгээр нь ердөө 20 метрийн гүн рүү л шумбах чадвартай учир усан сан, нуур, эрэг орчмоор л ажилладаг.
Далайн гүний шумбагч онгоцтой аялал нь чинээлэг аялагчдын хувьд шинэ ертөнцийг тольдох завшаан болдог. Үүнийг аялал жуулчлалын хамгийн бага судлагдсан бөгөөд хамгийн онцгой төрөлд тооцож байна. Одоогоор энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр гарын 10 хуруунд багтах хэдхэн улс л оролдлого гаргажээ. Мэдээж эрсдэлтэй аялал учир осол эндэгдэл гарч байсан гашуун түүх ч бий. Тухайлбал, “Ocean Gate”-ийн “Титан” шумбагч 2023 оны зургадугаар сард далайн 4000 метрийн гүнд дэлбэрч, таван хүний амь үрэгдсэн юм.