Сүүлийн үед допингтой холбоотой асуудал, мөн Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагатай холбоотой асуудал маргаан дагуулж буй. Энэ талаар үндэсний бөхчүүдийн байр суурийг хүргэж байна.
“БӨХЧҮҮДИЙН ЭРХ АШИГ, НЭР ХҮНДИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ГЭДГЭЭ БОДИТООР УХАМСАРЛАХ ЁСТОЙ”

Дархан аварга Н.Батсуурь:
-Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд хяналт, хариуцлага алдагдсан. Утсаар огт холбогдохгүй хэрнээ оны өмнө и-мэйл илгээгээд, “нэгдүгээр сарын 1-нээс өмнө” гэх мэт хугацаа тулган шаардлага тавьж байгаа нь хэтэрхий даварсан үйлдэл мэт санагдаж байна. Түрүү жил би дөрвөн удаа допингийн шинжилгээ өгсөн. Бүр гэртээ унтаж байхад зөвшөөрөлгүй орж ирсэн тохиолдол ч гарсан. Ийм дураараа авирлах эрх төрийн бус байгууллагад байх ёсгүй.
Татвар төлөгчдийн мөнгө зүгээр нэг төрийн бус байгууллагын “амьдрах арга” болж байгааг бөхчүүд бид дуу нэгтэйгээр дуугарч, ил тод ярих цаг аль хэдийн болсон.
Ирсэн и-мэйлийг бөхчүүд уншаад үзэх хэрэгтэй. Бөхчүүд бол сайн дураараа барилдаж байгаа хүмүүс болохоос олимпын төрлийн мэргэжлийн тамирчид биш. Монголын Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалах байгууллага гэдгээ бодитоор ухамсарлах ёстой.
“БӨХЧҮҮД ӨӨРСДӨӨ Ч ЭНЭ АСУУДАЛД МЭДЛЭГТЭЙ, УХАМСАРТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ”

Улсын харцага Т.Сайханжаргал:
-Мэдээллээс маш их хоцорч байна. Мэдээллээ цаг тухайд нь, ойлгомжтой байдлаар өгөх хэрэгтэй. Бага тунтай, хүнд зэрэглэлтэй гэх мэтээр 1-2 жил гэх мэт ялган ангилдаг юм шиг ойлголт байдаг ч энэ талаар Допингийн эсрэг байгууллага маш тодорхой тайлбарлах шаардлагатай. Мэдээлэл дутуугаас болж шударга бус хандлаа гэсэн маргаан байнга үүсч байна. Маргаантай асуудлыг цэгцлэхийн тулд мэдээллээ маш сайн, нарийн өгөх ёстой. Эс тэгвээс энэ маргаан улам даамжирна. Маргаан байх тусам хардалт нэмэгдэж, хардалт ихсэх тусам монгол бөхийн нэр хүнд сэвтэнэ. Тиймээс Допингийн эсрэг төвийн зүгээс мэдээллийн бодлогоо сайжруулах зайлшгүй шаардлагатай. Зарим бөх цолоо хасуулдаг, зарим нь барилдах эрхээ хасуулдаг. Харин яагаад нэг нь нэг жил, нөгөө нь нэг сар хасагдаж байгаа талаар олон нийт, бөхчүүд өөрсдөө ч ойлгодоггүй. Энэ ялгааг маш тодорхой тайлбарлах ёстой.
Нөгөө талаас бөхчүүд өөрсдөө ч энэ асуудалд мэдлэгтэй, ухамсартай хандах хэрэгтэй. “Тийм зүйл хэрэглэсэн чинь допинг илэрчихлээ”, “хэн нэгэн намайг хорлочихлоо” гэх мэт худал, үнэн нь мэдэгдэхгүй яриа тарааж, бусад бөхчүүдийнхээ нэр хүндийг унагах хэрэггүй. Хэрэв шударга хэрэглэсэн бол түүнийгээ хүлээх л ёстой. Эцэст нь бүгд өөрсдийгөө хохирогч болгож харагдуулаад өнгөрч болохгүй.
Хэрэв допингийн шинжилгээ авахгүй бол монгол бөхөд эрүүл мэнд, удамшлын хувьд асуудалтай, мутацитай хүмүүс хоорондоо барилдвал яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Монгол бөх бол зөвхөн хүч чадал биш, оюун ухаан, арга ухаан, мэх, уламжлалт соёлыг цогцоор нь шингээсэн спорт. Үнэ цэнийг алдагдуулахгүйгээр, яг энэ хэвээр нь хадгалж үлдэх нь бидний үүрэг.
“ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ХЭДИЙ ХУГАЦААНД, ЯМАР ӨДӨР МЭДЭГДЭХ ВЭ ГЭДГИЙГ НАРИЙН МЭДЭЭЛЭХ ШААРДЛАГАТАЙ”

Аймгийн арслан С.Ерөөлт:
-Шалгавал шалгасан шиг шалгах хэрэгтэй. Хүний хардлага, эргэлзээг үүсгэхгүйгээр допингийн шинжилгээний хариуг тухай бүрд нь, ил тод мэдээлэх ёстой. Самбо, жүдо, чөлөөт бөх зэрэг бусад төрлүүдэд допингийн шинжилгээг авч, удаан хугацаа алдалгүй хариуг нь олон нийтэд нээлттэй танилцуулдаг. Ийм тодорхой, ил ажиллагаа нь хүмүүсийг эргэлзүүлсэн нөхцөл байдалд оруулдаггүй. Намайг ид залуу барилдаж байх үед допинг илэрсэн тохиолдол цөөнгүй байсан. Заримыг нь нууж дарагдуулсан гэх яриа ч их сонсогддог байлаа. Энэ нь тухайн үеийн байгууллагын алдаа ч байж мэднэ. Гэвч нэгэнт Баяр наадмын тухай хууль батлагдаж, төрийн эрх барих дээд байгууллагаас Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэж хуульчилсан бол заавал мөрдөх ёстой. Хэрэв үндэсний спорт учраас допингийн шинжилгээ авахгүй гэж үзэж байгаа бол тэр байр сууриа тодорхой баримтлах хэрэгтэй. Гэхдээ дэлхийн бусад улстай харьцуулахад хүн ам цөөн Монголын хувьд биед хортой сэргээш хэрэглэх нь алсдаа удмын генд сөргөөр нөлөөлөх аюултай. Тиймээс энэ нь хэрэггүй, зохисгүй зүйл гэж бодож байна. Үндэсний бөхийн тэргүүн С.Магалжав, Дархан аварга Н.Батсуурь нар ч өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байсан. Энд хамгийн чухал нь бүх зүйл тодорхой байх явдал. Жишээлбэл, шинжилгээний хариуг хэдий хугацаанд, ямар өдөр мэдэгдэх вэ гэдгийг нарийн мэдээллэх шаардлагатай.
Одоогийнх шиг тодорхойгүй байдал үүсгэж байгаа учраас л олон нийтийн хэл ам гарч байна. Хэрэв бүх зүйл ил тод, ойлгомжтой байвал маргах зүйл гарахгүй. Анагаахын өндөр технологитой лабораторийн шинжилгээнд эргэлзэх зүйлгүй. Харин шинжилгээ авч буй процесс, хариуг мэдээлэх хугацаанд л анхаарах шаардлагатай. Баяр наадмын комисс, бөхийн салбар хороо энэ асуудлыг нэгнээсээ булзааруулалгүй, эцэслэн шийдэх ёстой.
Олон нийтийн дунд Үндэсний бөхийн холбоо допинг гаргаад байна гэсэн ойлголт байдаг шиг санагддаг. Гэтэл Үндэсний бөхийн холбоо нь ирсэн хариуг л зарлах үүрэгтэй юм билээ. Допингийн үндэсний төв нь баяр наадмаас бусад үед сорил авах эрхтэй, харин Улсын үндэсний баяр наадмын үеэр салбар комиссууд хариуг танилцуулах үүрэгтэй гэж ойлгосон. Мөн удирдлагууд ойр ойрхон солигддог учраас дараа нь асуудал гараад тодруулах гэхээр хариулах хүн олддоггүй. Эргээд хариуцлага нэхэх боломжгүй болдог. Гомдол гаргах гэхэд ч хэнд хандахаа мэдэхгүй байдал үүсдэг. Хэрэв бүх зүйл ойлгомжтой, тодорхой байвал энэ бүх асуудал арилна. Түүвэрчилсэн аргаар, хэнээс ч хамаагүй шинжилгээ авах зарчимтай байх нь зөв гэж үзэж байна. Допинг гэдэг бол нэгдүгээрт шударга бус аргаар амжилтад хүрэх оролдлого, хоёрдугаарт эрүүл мэнд, удмын санд ноцтой хор хөнөөлтэй зүйл. Иймээс хяналтыг сулруулах биш, харин ч илүү чангатгах хэрэгтэй. Хоёрын хооронд, алаг цоог шийдвэр гаргах нь огт утгагүй.
“ШУДАРГА СПОРТ Л ЦААШДАА ХӨГЖИНӨ”

Аймгийн арслан Д.Буянт:
-Допингийн үндэсний төв зайлшгүй байх ёстой. Учир нь энэ нь зөвхөн барилдаан, амжилтын асуудал биш, бөхчүүдийн эрүүл мэнд, удмын сан зэрэг маш олон чухал зүйлтэй холбоотой. Мөн шударга өрсөлдөөнийг хангахын тулд ийм байгууллага хэрэгтэй. Гэхдээ энэ төв өөрөө маргаан, эргэлзээ үүсгэдэг байж болохгүй.
Одоогоор цахим орчинд үнэн худал нь мэдэгдэхгүй олон янзын мэдээлэл, байр суурь гарч байна. Тэр мэдээллүүдэд хүмүүс төөрөлдөж, ойлголтын зөрүү үүсч байна. Надад ч хүртэл эргэлзээ төрж байгаа нь үнэн. Ийм нөхцөлд спорт хөгжих боломжгүй. Шударга спорт л цаашдаа хөгжинө.
Миний хувьд ч шударга байдлыг л эрхэмлэхийг хүсч байна. Би 2022 оны Улсын баяр наадамд дөрөв давж, допингийн шинжилгээ өгч байсан. Гэхдээ хариу нь ирээгүй. Иймэрхүү ойлгомжгүй, мэдээлэл дутуу байдал нь л хүмүүсийн эргэлзээг улам нэмэгдүүлдэг.