“Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлнэ

Улаанбаатар //. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилгаар хэрэгжүүлж буй “Эх оронч сурагч” хөтөлбөрийн 2026 оны нээлтийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Өнгөрсөн онд нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжсэн бол энэ жил есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулахаар зорьж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд, төрийн далбаа мандуулах ёслолыг тогтмол зохион байгуулж, сурагчдын эх оронч үзэл, хандлагыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, өнгөрсөн онд тус хөтөлбөрт нийт 235.131 сурагч хамрагджээ.

Хөтөлбөрийн үр дүнгээс дурдвал:

  • 43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулж, 231 үйл ажиллагаа зохион байгуулсан
  • Хичээл эхлэхийн өмнөх “1 минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755 мянга орчим оролцогч эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд хамрагдсан
  • Сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд 800 мянга гаруй сурагч, эцэг эх, багш нар оролцсон
  • Сурагчдын оролцоотой 987 сайн дурын ажил зохион байгуулсан
  • 54 мянган сурагч Монгол Улсын төрийн далбаа мандуулах, буулгах ёслолд оролцсон байна.

“Эх оронч сурагч” хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурласан, эх оронч хүмүүжил олгох бодит үр дүнтэй санаачилга болж, жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байгаа юм. 2026 онд уг хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудын эх оронч үзэл, үнэт зүйлс, бие биенээ хүндэтгэн харилцдаг зан төлөв, ухамсрыг төлөвшүүлэхэд анхаарахаар төлөвлөж байгаа талаар НИТХ-аас  мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн