Улаанбаатар //. НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахлан хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэх суурь судалгааг нийслэлийн найман дүүргийн ерөнхий боловсролын 22 сургуулиас авсан судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Мөн эдгээр сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг ажилтнууд хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. Ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой уг судалгааг сургуулийн нийгмийн ажилтан болон удирдлагуудтай хамтран түүврийн аргаар, цахим хэлбэрээр явуулсан ба найман дүүргийн 22 сургуулийн 8-10-р ангийн 1093 сурагч, 213 эцэг, эх, асран хамгаалагч хамрагджээ.
Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 71.9 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэднэ, тодорхой хэмжээний ойлголттой гэж хариулсан байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг дүүргээр авч үзвэл Багахангай дүүрэг 35.7 хувь, Хан-Уул дүүрэг 33.1 хувь, Баянзүрх дүүрэг 30.6 хувь, Налайх дүүрэг 25 хувь, Баянгол дүүрэг 22.9 хувь, Сүхбаатар дүүрэг 20.9 хувь, Чингэлтэй дүүрэг 17.2 хувь, Сонгинохайрхан дүүрэг 15.2 хувийг эзэлж байна. Үүнээс Багахангай, Хан-Уул дүүргийн гурван сурагч тутмын нэг нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг гэсэн дүн гарчээ.
Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчдаас давтамжийг тодруулахад сурагчдын гуравны хоёр нь гурав хүртэлх удаа гэж хариулжээ. Харин 22 сурагч буюу судалгаанд хамрагдсан 1093 сурагчийн хоёр хувь нь 10 болон түүнээс дээш удаа, тодруулбал байнга үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байна. Харин үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчид хэнд хандахаа төдийлөн мэддэггүй 44.5 хувь нь интернэтээс хайдаг, 19.7 хувь нь сургуулийнхаа нийгмийн ажилтанд ханддаг, 17.3 хувь нь гэр бүлдээ ханддаг, 11.8 хувь нь багшдаа ханддаг, 3.4 хувь нь найз, нөхдөдөө, 2.9 хувь нь цагдаад ханддаг гэсэн байна. Үүнээс харахад үе тэнгийн дээрэлхэлт даамжрах, нуугдмал байдлаар хүрээгээ тэлэх нөхцөл бүрддэг байна.
Үе тэнгийн дээрэлхэлт бусдыг доромжлох, цуурхал тараах, бүлгээс гаднах буюу тусгаарлах, заналхийлэх, биед халдах гэсэн зонхилох хэлбэрээр илрэх ба дээрх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 22.1 хувь нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Мөн Хан-Уул дүүргийн цахим дээрэлхэлт 35.5 хувь байна. Харин өсвөр насны сурагчдын хувьд бие махбодын болон сэтгэл зүйн бие даасан байдал нь чухал нөлөөтэй ба бусдын хувийн орон зайд халдах, түүнийг хэвийн гэж үзэх нь үе тэнгийн дээрэлхэлтийн илрэл юм.
Харин уг хариултын хувьд суралцагчид төөрөлдсөн байр суурьтай буюу зарим тохиолдолд “тийм” гэж 40 орчим хувь нь хариулсан байна. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголтын хүрээ, хэлбэрийг нарийвчлан багтаамж болон агуулгыг гүнзгийрүүлж өгөх шаардлагатай. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд өөрийн сэтгэл зүйгээ удирдах, хянах аргуудыг ашиглаж чадах байдлыг тодруулахад нийт сурагчдын 58 хувь нь тийм, 34.4 хувь нь тийм аргыг мэдэхгүй хэмээн хариулсан байна.
Тус хуралд оролцсон сургуулийн удирдлага, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд зөвхөн сурагчдад чиглэсэн үйл ажиллагаанаас гадна эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн нөлөөллийн аяныг хэрэгжүүлэхгүй бол хүүхдийн гэр бүлийн хүмүүжил бусдыгаа үл ойшоох, зодох, элдвээр доромжилж хэлэх, ялгаварлан гадуурхах зэрэг шалтгаан болж байна гэдгийг онцлов.
Мөн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудал сургууль дээр гарч эцэг, эхийн хамтарсан уулзалт зохион байгуулахад ихэнх хувь хүүхдээ өмөөрч, бусдыг хэл амаар доромжлох, заналхийлэх зэрэг үйлдэл гаргадаг. Иймд эцэг эх, асран хамгаалагчдад хариуцлага тооцдог байх зэрэг сургууль бүр тухайлсан саналаа нэгтгэж, хөтөлбөр боловсруулж ажиллахаар болсон талаар НИТХ-аас мэдээлэв.
