Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл иэлрхийлэх үйл ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулав.
Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генералууд жанжин Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойших 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 байна. Үүнээс 55 генерал чөлөөнд, 20 генерал бэлтгэлд, 64 генерал ажил, үүргээ гүйцэтгэж байгаа аж.
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нар болох Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд генерал цолыг анхлан олгосон бөгөөд 2004 оноос энэхүү өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.













Гэрэл зургуудыг Б.Чадраабал